Sunday, 29 September 2013

:ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ

 2009-03-27 14:47:12
Цаг хугацаа түүнээр дутахын учир Цаг хэд болж байна. Өнө мөнх гэж Оросын аугаа их яруу найрагч Осип Мендельштам дуу алдсан гэдэг. Цаг хугацааны их шуурганд үл тогтох нэгээхэн бээр ч зүйл үгүй атал хүмүүний түүхийг цадиглан туурвигч их хүмүүний өнө мөнхийн бүтээлүүд эзнийхээ нэрийг алтан үсгээр сийлэн торойтол үлддэг байх юм. Саяхан даа. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж төрийнхөө тэргүүний гараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсансан. Монголын уран зохиолын ноён оргил болсон энэ их хүн нэгэн үүрээр тэнгэрийн орондоо залрав. Уйтгар гуниг, эмгэнэн гашуудах гансрал элэг нэгтнүүдийнхээ элгийг эгшээв. Ард үлдэгсэддээ нөхөж болшгүй уудам орон зайгаа үлдээж басхүү тэрхүү орон зайг нөхөх үүрэг хариуцлагыг хойч үедээ үлдээлээ. "Чингис" шүлгээрээ "соц" нийгмийн хөшүүн царцуун ханыг гэсгээж, "Сэгс цагаан богд" найраглалаараа жирийн малчин бүсгүй хотын залуу хоёрын хайр сэтгэлийг магтан дуулж, "Тусгаар тогтнол" шүлгээрээ мянган мянган жилийн түүхт үндэстэн угсаатныхаа ариун тэмцэл, ялалтыг магтан дуулсан энэ хүнийг үргэлжийн үргэлжид биднээсээ эргэн одохгүй мэт санаж явжээ. 
Хүн гэгч ийм л гэнэн амьтан. Даа ялангуяа дэргэдэх эрдэнээ жинхэнэ эрдэнэ мэт үл тоож үргэлжид хувьсан өөрчлөгдөх хуурмаг бүхэнд дурлаж явах юм даа. Харин оюун сэтгэлгээг эрхэмлэн дээдлэж балтаар цавчивч үл балрах гэгээн туурвилыг бүтээгч хүмүүний амьдрал юутай эгэл даруу атлаа юутай аугаа билээ. Амьдрал он цагаар бус утга учраараа хэмжигддэг гэх мэргэн үг чухамхүү Пүрэвдорж ахайтанд илүүтэй нийцнэ биз ээ. Яруу найрагч хүн бүхий л амьдралынхаа туршид тэмцэгч, шинэчлэгч, сэтгэгч байх учиртайг тэрбээр насан туршдаа харуулж чадсан гэлтэй. Чингис нэрийг дуудах ч эрхгүй байсан тэр он жилүүдэд монгол түмнийхээ оюуны мэлмийг юунаас ч эмээлгүйгээр нээж түүнээсээ болж дарга даамлуудын хатуухан шүүмжлэлд өртсөн ч нугараагүй ноён нуруу бол Дэндэвийн Пүрэвдорж байлаа. Тэмүжин нумын хөвчөөс төрөөгүй юм Тэмүжин сумын зэвээс гараагүй юм Тэмүжин Өэлүн эхээс төрсөн юм Тэмүжин өрлөг түүхээс гарсан юм Амрах заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү мэндэлж Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм… Цаг хугацааны догшин давалгаанд үл нугарах сэтгэл авьяас билэг гэгч ийм аугаа байдаг аж. Үнэний цогтой дууч байхын сацуу хайр сэтгэл, ариун нандин үйл хэргийн төлөө яруухан цохилох зүрх түүнд байсан юм. Өнөөг хүртэл Сэгс цагаан богд найраглалын өндөрлөгийг эзлэн авах найраглал гараагүй гэвэл буруудахгүй биз. Найраглал гэж юу байдаг, хэрхэн яруу тансагаар дүрсэлдэг хийгээд үгийн шидээр ямар гайхамшигийг бүтээж болдогийг Пүрэвдорж гуай нүднээ дурайтал зураглаж, оюун ухаанд минь хэзээ ч үл бөхөх бахархалт зулыг асааж чадсан. Сайхан хотын Хөөрхөн хархүү Сайн байна уу? Тэнэгэр говийн Тэмээчин бүсгүй сайн байна Намар та манай нутагт Нартай хамт ирсэн юм уу Сэгс цагаан богд ууланд Сэрүү унах болоогүй юмуу Цэлгэр говь минь нараа дэлгээд Цэнхэр хадаг шиг намиpaатан байна Сар хаяанд хонож салхины үзүүрээс Хээрийн үнэр анхилан Нарны элч анхилан Нарны элч ус мэт Газрын хээлэнд шингэж Намрын говь дулаан байна Зун мамартаа говь ингэж Зуух мэт голдоо халаад Өлгийтэй нялхас шиг Өвөлдөө илчээр амьсгалж Цан хүүргээ үргээн Цас үүлэндээ хайлдаг юм Нүдэнд дулаахан хархүү та Hүүдлийн шувуу байсан юм уу? Уужим говийн бяцхан бүрд би Ус нь цалгиж үлдсэн юмуу Сэм сэмхэн санаа алдаад Сэтгэл нэг л сүжрээд байна… Дүрсэлж зурагласан нь яруу тансаг монгол хэлний минь ид шидийг нээн үзүүлж, сэтгэлийн нарийн утсыг хөндөн уянгалуулж чаддагаараа цаанаа л нэг донж утгатай биш гэж үү. Шүлэг уншиж байгаа мэт боловч яруу найргийн тансаг шад шүлгээр хүний амьдралын эрээн бараан, хайр сэтгэлийн яруу сайхныг магтан дуулсан ийм бүтээл Монголын байтугай дэлхийн утга зохиолд ч ховорхонд тооцогдох суут бүтээл хэмээх алдрыг авчирсан гэдэг. 1980-аад онд Сэгс цагаан богд найраглалыг "Литературный газета" сонинд Рамаяна, Сидхартын дуулал, Шах намегийн гайхамшигт өлгий Азийн энэ цагийн яруу дуулал хэмээн үнэлсэн нь бий. Туркээс Япон, хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх өргөн уудам газар нутаг дахь хэдэн тэрбум хүний өлгий тивийн яруу найргийн яруу дуулал хэмээн тодорхойлсон нь гайхамшиг. Монгол түмний яруу найргийн баялаг өв уламжлал, оюун сэтгэлгээг дэлхий дахинд зарлан тунхагласан Дэндэвийн Пүрэвдпорж хэмээх сартваахиар ирээдүйн цаг хугацаа үл гоёж, бид түүнгүйгээр он цагийн салхинд онгож гандана гэдэг юутай их гунигийг төрүүлж байна вэ. Өнөөдөр энэ гашуудалт мэдээг сонсоход хамгийн сүүлд хөдөлмөрийн баатар цол хүртэж байхдаа хэлсэн үгийг өөрийн эрхгүй сананана. "Монголын Уран зохиолын Өргөөг анхлан босгосон Буяннэмэх, Нацагдорж, Ядамсүрэн нарыг эргэн дурсая. Миний ард Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нар зогсч байгаа.Намайг утга зохиолд хөтлөн оруулсан Д.Сэнгээ, Л.Ванган нарыг хүндэтгэе. Нэрт яруу найрагч Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров нартаа мэхийе. Та нарынхаа авах байсан шагналыг би хүртлээ. Та нарыгаа би дурсая. Уучлаарай, та нар хөдөлмөрийн баатар цол хүртсэн гэж тооцоорой. Сая Ерөнхийлөгчийн гараас Ардын уран зохиолч цол хүртсэн Л.Түдэвтээ баяр хүргэе. Түдэв бид хоёр хойно, урдаа орсоор яваад сая тэнцлээ. Түдэв, надаас өмнө төрийн шагнал хүртсэн. залгаад би төрийн шагнал авсан. Түрүүлээд бас Соёлын гавьяат авсан. Өрсөөд хөдөлмөрийн баатар болсон. Би Түдэвээс түрүүлээд Ардын уран зохиолч болсон. Түдэв маань одоо Ардын уран зохиолч авлаа. Одоо бид хоёр "3:3" оноо авч тэнцлээ" гэж хошигнон, сэтгэлийн хөөрлөө дарж ядан хэлж байсан сан. Ямагт л зохиолч нөхдөө дээдлэн хүндэлж тэднээрээ бахархаж, ямар ч хүнийг бага залуу гэж гололгүй чин сэтгэлээсээ ярилцдаг байсан шавилхан биедээ баймгүй хөнгөн шингэн аливаад авхаалжтай, үе үехэн хамар дотроо гунганан инээмсэглэж үеийн нөхдөөрөө хошигнож байдаг энэ гайхамшигт хүнийг нартаас буцсан гэхэд нэг л итгэмгүй. Одоохон л Зохиолчдын хорооны байшингийн үүдээр шав шув хийгээд ороод ирэх юм шиг. Залуусдаа эрт цагийн хөгтэй явдал ярьж инээлгэж эсвэл хэрхэн яаж зохиолынхоо баатруудын авир занг гаргах, үгийн шидийг яаж гаргах талаар хэзээ ч уйдамгүй яриа дэлгэж эхлэх юм шиг санагдана. Тэр хүний сайхан сэтгэлийн дууч гургалдай, амьдралын эрээн бараан дунд үл унтрах үнэнийг тунхаглагч төдийгүй гайхалтай эх оронч хүн байсан гэвэл маргашгүй үнэн. Тусгаар тогтнолын үнэ цэнийг бидэнд сануулсан Тусгаар тогтнол шүлэгийг мэддэггүй монгол хүн гэж байдаггүй биз ээ. Чухамхүү монголчууд тусгаар тогтнолоо хэрхэн дээдлэж, улс гэрээ хэрхэн өөдлөн дэвжүүлэх учиртайг бидэндээ гэрээслэн үлдээжээ. Үг бүр нь утгатай, шад бүр нь санаатай, мөчлөг болгон нь аугаа их үнэ цэнийг агуулсан дэндүү гайхалтай шүлгэн гэрээсийг Пүрэвдорж ахайтан бидэнд үлдээжээ. …Ханат цагаан гэрийн Од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулгын Омог дөрвөн тотгон дээр Хан-Алтай аавын Онгон тэргүүн оргил дээр Хатан Сэлэнгэ-ээжийн Одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан зарлалаа би! Ганган улаан тэмээний Зогдор дэвсэх тэшил дээр Гантай мөнгөн хэтний Зоо дэлдэх тээгэн дээр Галбын халуун говийн Хулан ангах ээрэм дээр Гантиг чулуун хясааны Янгир халих элгэн дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би! Хүж дурдан бүсний Ташаа дарах нугалаан дээр Хүрэл манан хөөрөгний Даалин дарах наргиан дээр Хүүшийн сүүдэр буусан Уулын гацаа бууцан дээр Хүннү дээдсийн тамгалсан Улбаа гархин буурин дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би! Аавын мөнгөн хазаарын Найман цэнгийн товруун дээр Азын алаг мэлхийний Наян нэгэн шагайн дээр Алиахан саарлын унага Хөллөн тэнцэх нуга дээр Ангирын хоёр дэгдээхэй Хөвөн цэнгэх нууран дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би! Индэр улаан галын Цац бадман дөлөн дээр Ихэр хоёр загалын Цацаг шанхан дэлэн дээр Идэр гурван есийн Цас чахрах цайдам дээр Илд мөсөн голын Цан хөөрөх гарман дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би! Бэлгийн цэнхэр хадагны Хоёр гардах дэлгээс дээр Бэхэн хар гэзэгний Хосоор дарах сүлжээс дээр Бэрийн домогт цэцгийн Хорвоо уяраах дэлбээн дээр Бэдэрт мөнгөн сарны Хоймор унах туяан дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би! Газар эрдэнээр дутаж, тэнгэр одоор дутав. Салхи эгшгээр, гол мөрөн усаар, наран илч гэрлээр, саран гоо үзэсгэлэнгээрээ дутав. Гэсэн хэдий ч Дэндэвийн Пүрэвдорж ахайтны хүмүнг бидний сэтгэлийн зүрхэнд урласан ертөнцөд дутуу зүйл нэгээхэн бээр ч үгүй билээ. Бурхан таныг минь тэнгэрийн ордны яруу дууч болгохоор урин залжээ. Ум маани бадми хум. Бурхны орондоо саадгүй морилох болтугай.    

No comments:

Post a Comment