Sunday, 29 September 2013

ЯСНЫ ГАЛТАЙ ЯРУУ НАЙРАГЧ



“Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр



Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогнол чамайг тунхаглан би бичнэ
Тусгаар тогтнол чамайг цусаараа би бичнэ” 

 хэмээсэн шүлгийг, бас “Тэмүүжин”, Р.Чойномын “Азийн Монгол”, “Диваажин”, “Нүцгэн биений магтаал”, “Хоригд лын дуу”-ны шүлгийг 1970-аад оны үед олж, 48 хуудастай дэвтэр дээр хуулж бичээд, ангийнхандаа уншиж, тараасан хэргээр багш нарын зөвлөлгөөний хурлаар орж “шийтгүүлэн” зургаадугаар ангийн жаахан сурагч би пионерийн гишүүнээс, бас сургуулиас хөөгдөх сануулга авч байлаа. 1970-аад Д.Пүрэвдорж багшийн энэ шүлэг хориотой байсан ч эх орон, тусгаар тогтнолоо гэх үндэсний үзлийн анхны үрийг миний бяцхан оюунд төдийгүй үе үеийн олон мянган хүүхдийн тархинд омогшил бахархалыг төрүүлдэг гэдэгт би эргэлздэггүй. Тэр үед утга зохиол хянах газрын “улаан шугам”-ыг давж хэвлэгдсэн шүлгийн түүврээс нь “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Шарлингийн хар хас” найраглал, “Эрээн уул”, “Сумын наадам” шүлгийг нь шимтэн цээжилж, “Чи минь битгий мартаарай” хэмээх янаг амрагийн уянгалаг сайхан дууг нь сурч, урлагийн үзлэг, үдэшлэг өдөрлөг дээр уншиж дуулж явлаа.


Ийм зоригтой зүрхтэй, гайхамшигтай яруу найрагчийн барааг нь ч болов олж харахсан хэмээн багаасаа хүсэж явсансан. 1974 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дэргэдэх Үлгэрийн танхимаас уран уншигчдын улсын уралдаан зар ласан юм. Тэр уралдаанд нас харгалзахг үй оролцуулсан болохоор би Монголын зохиолчдын эвлэлийн босгыг анх удаа алхаж, “Ч.Чимидийн “Би Монгол хүн” шүлгийг уншиж, бас нэг монолог тоглож, хоёрдугаар шатанд шалгарсан юм. Эцсийн шалгаруулалтад “байнд ч үгүй, банзанд ч үгүй” хоцорсон ч Дэндэвийн Пүрэвдорж хэмээх яруу найрагчийн гэгээн дүрийг анх удаа харсан билээ. Уралдааны ерөнхий шүүгч нь Пүрэвдорж багш байсан бөгөөд тэнцсэн тэнцээгүй бүх хүнд шүлэг гэдэг юу болох, шүлгийг хэрхэн ойлгож унших тухай ярьж билээ.
Миний төсөөлж байснаас ч илүү хийморь золбоотой, эмх цэгцтэй уран цэцэн үгтэй, гялалзсан бор хүн байсан сан. Маргааш нь сургуульдаа очоод “Би Дэндэвийн Пүрэвдорж гэдэг яруу найрагчийг харсан, яриаг нь хүртэл сонссон” гэж ангийнхандаа гайхуулан ярьж, найзууд маань олзуурхан сонсож билээ. Тэр үед хожим яруу найргийн маань багш болно чинээ зүүдлээ ч үгүй явж дээ. Түүнээс хойш эдүгээ дөчөөд жил өнгөрчээ. Уран зохиолд шимтэн сонирхож, шөнө дунд хүртэл хөнжил дотроо гар чийдэн асааж ном уншиж байгаад ээждээ баригдаж, “цаасны цагаан солио тусч, сохорч үхэх нь үү, чи” хэмээн “жавтий хүртэж” байсан ч бөхөх нь бүү хэл улам дүрэлзэн асч байсан уран зохиолд тэмүүлэх тэр их хүсэл минь, басхүү хувь заяаны зургаар хожим багш шавийн холбоотой болгосон билээ. Улаанбаатар хотод уран зохиолчдын анхны үүр уурхай болсон утга зохиолын нэгдлүүд долоо хоног болгон хичээллэдэг байлаа. Тэр үед би Улсын түүхийн төв архивт архивч-бичээчээр ажилладаг байлаа.
Монгол бичиг сурч, Монголын түүхийг эх бичгээс нь унших хүсэлдээ хөтлөгдөн мэргэжлээсээ тэс хөндлөн архивт орсон юм. Би Ажилчны дүүрэгт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Цэдэнжав багштай утга зохиолын нэгдэлд явдаг байсан юм. Дугйлангийнхан дотроо насаар бага нь би. Пүрэвдорж багш тэр үед Монголын Зохиолчдын Хорооны яруу найргийн зөвлөлийн эрх лэгчээр ажиллаж байсан юм. 1983 оны үед Улаанбаатар хотын утга зохиолын нэгдлүү дээс цаашдаа зохиолч, яруу найрагч болох горьдлоготой гэж үзсэн уран зохиол оролд дог залуусаас шилж сонгон Монголын Зохиолчдын Хороо дэргэдээ үргэлжилсэн үгийн болон яруу найргийн хоёр танхим ажиллуулсан юм. Би яруу найргийн танхимынх. Долоо хоногийн хагас сайн өдөр болгон тогтмол хичээллэдэг, бас олон залуустай нь манай танхим байлаа. Утга зохиолын дугуйлангаас ялгаатай нь Пүрэвдорж багш Москвагийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсын жишгээр хичээллүүлж байсан юм.
Монголын шинжлэх ухааны бүхий л салбарын сор болсон эрдэмтэн зохиолч, түүхч Ш.Нацагдорж, дуун хөрвүүлэгч их эрдэмтэн Чой.Лувсанжав, орчуулагч, яруу найрагч, ардын хөгжим судлаач С.Бадраа, Монголын эртний уран зохиол судлаач доктор Д.Цэрэнсодном, Гаадан хамба, Ардын уран зохиолч С.Дашдооров, С.Эрдэнэ зэрэг эрдэмтэн, зохиолч, орчуулагч, дипломатч, физикч, физиологич, археологич, шашны зүтгэлтэн зэрэг олон мэргэдийн лекц яриаг сонсгож, улс төр, түүх байгаль, орчин үеийн шинжлэх ухаан, зан заншил, орчуулга утга зохиолын өргөн хүрээний мэдлэгтэй болгохсон гэж хичээж байсан юм. Хэдийгээр хоёрхон жилийн хугацаанд долоо хоногийн хоёрхон цагт тийм их хэмжээний мэдлэг олж авахгүй ч гэсэн цаашдаа юу уншиж судлаж, хэрхэн өөрийгөө хөгжүүлэх бүтээлч сэтгэлгээг суулгаж өгсөн гэж ойлгодог.
Шинээр гарсан номноос хэн алийг нь хамгийн түрүүнд олж уншсан тухай лавлаж, олны анхааралд өртсөн ном, шинэ шүлэг зохиол,ын талаар яриа мэтгэлцээн өрнүүлж, бид хэрдээ л шинээр гарсан бүтээлийг бие биенээсээ урьтаад уншчих санаатай “уралдацгаадаг сан”. Тийм ч учраас манай танхимынхан Монголын утга зохиолын бүхэл бүтэн үеийг /1980-аад оныхныг/ төлөөлж чаддаг гэдэгт итгэдэг. “Сумын заан” хэмээн уншигч олны сэтгэлд мөнхөрсөн Чимидравдангийн Мягмарсүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч агсан Барнангийн Доржпалам, яруу найрагч агсан Бат-Очирын Сундуй, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн яруу найрагч агсан Цэндийн Чимиддорж, УИХ-ын гишүүн, “Их Монгол” дээд сургуулийг үндэслэгч, яруу найрагч Сүхбаатарын Батмөнх, Төрийн шагналт, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Д.Төрбат, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Энхболд, Дан.Нямаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бямбажавын Энхтуяа /радиогийн зөөлөн дуут/, яруу найрагч, зохиолч Д.Чинзориг, эрдэмтэн- зохиолч Д.Сумъяа, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Содномпил, яруу найрагч Б.Батзаяа, Д.Баттөмөр зэрэг олон яруу найрагч, зохиолчдыг нэрлэж болно.
Бид хичээл болгон дээр хэн нэгнийхээ шүлгийг сонсож, санал бодлоо солилцон бүтээлч маргаан үүсгэнэ. Багш хамгийн сүүлд бидний маргааныг дүгнэж хэлдэг сэн. Бас хүн хүний шүлгийг туршлагатай зохиолчдод уншуулж, санл шүүмжлэлий нь авдаг. Миний “ном” хэмээн нэрлэсэн шүлгүүдийг минь С.Дашдооров гуай “бут ниргэсэн” юмдаг. Багшийн шаардлага хатуу. Танхимд суралцаж байх хоёр жилийн хугацаанд бидний бичсэн шүлэг тийм ч олон хэвлэгдэж байгаагүй юм. Мэр сэр “Цог” сэтгүүлийн “Оч” булан, “Утга зохиол урлаг” сонины залуу шүлэгчдийн буланд ганц нэг шүлэг хэвлэгдэнэ. Нэг удаа бидний шүлгээр “Утга зохиол, урлаг” сонинд нүүр бэлтгэхээр боллоо. Бараг л гурав дөрвөн сар бэлдсэн байх. Би “Шувуудын жиргээ”, Чимиддоржийнх морины л шүлэг байсан юмдаг, У.Булган “Зул” гэх мэт... бүгдээрээ л шүлгээ өгцгөөсөн. Багш бүгдий нь уншиж үзээд, жишээ нь минийхийг “Сонинд жиргэхгүй шувуу”, Чимиддоржид “Сонинд давхидаггүй баянходоод”, Булганд “Сонинд бадардаггүй зул” байнаа “яагаад” гэсэн асуултад тодорхой хариулт өгөөд гээд бүгдий нь буцааж билээ. Амихандаа бид хамгийн сайн гэсэн шүлгээ л өгч байсан хэрэг.
Багш “Та нар бүгдээрээ яруу найрагч болохгүй. Эндээс яруу найрагчаас гадна үргэлжилсэн үгийн, жүжиг, киноны зохиолчид, судлаач, шүүмжлэгчид, сэтгүүлч, зарим нь утга зохиол ойлгодог, уран зохиолын сайн нөхөр болж гарцгаана. Ер Монголын сонин хэвлэлийн олонх сэтгүүлч сурвалжлагч, зохиолч байдаг. Иймд та нар бас давхар ачаа үүрэх тавилантай гэдгээ мэдэж байх хэрэгтэй” гэж хэлдэгсэн. Түүний хэлснээр бидний дийлэнх радио, телевиз, сонин, сэтгүүлийн сурвалжлагч болцгоосон. Би л гэхэд яруу найргаар нэг их хол явсангүй. Харин богино өгүүллэгээр дагнах маягтай өдийг хүрлээ. “Анхны номын баяр” гэж анх удаа танхимынхан хийсэн нь Монголын утга зохиолын амьдралд цоо шинэ үзэгдэл байсан билээ. Танхимынхны “Анхны ном”- ын баярын салхийг Д.Төрбатын “Улаан жигүүр”, Ламжавын Мягмарсүрэнгийн “Урины шувуу” номоор хагалж билээ. Бид баярын үеэр бие биендээ нөхөрсөг шог зохиож, ханын сонин гаргаж, тэнд шинэ шүлгээ тавьж, хэрдээ хөл болцгооно. Тэр үед “Болор цом” яруу найргийн тэмцээн анх зохиогдож, санаачлагч нь Пүрэвдорж багш байлаа.
Харин танхимынхныг тэр тэмцээнд “бяд суугаагүй” гээд оролцуулдаггүй байсан юм. Зөвхөн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүд л “Болор цом”-д шүлгээ унших эрхтэй байлаа. Шавь нараа дэмжих гэдэг хатуу шаардлагатай байж, утга зохиолын өндөр босгыг ажралгүй давахын суурийг тавьж өгөхийг багш маань эрхэмлэдэг байсны хүчинд бид зах зээлийн харилцаанд шилжсэн нийгмийн ээдрээтэй үед утга зохиолын хүнд ачааг үүрч дараагийн үедээ золгуулсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Багш зөвхөн уран бүтээлч төдийгүй хүн байхыг, хөдөлмөрч, дайчин байхыг ч бас сургадаг байсан. Багш маань гаднаа хатуурхавч дотогшоо шархалж явдаг нэгэн байлаа. Түүний амьдралынхаа сүүлийн жилүүдэд эмхэлсэн, урьд өмнө нь тэр болгонд дэлгэж байгаагүй амьдралын хүнд бэрх зам, гашуун дурсамж, эмзэглэлийг багтаасан таван боть номыг уншихад багшийн маань хэн байсныг эрхбиш таних биз ээ.
Цагийн өнгө дагаж хувирдаггүй, аль ч төр, ямар ч цагт мөн чанраасаа урваж үзээгүй, зусардах бялангачлахыг огт мэддэггүй, бодсон санаснаа хэний ч өөдөөс нүдээ цавчиж, дуугаа намсгахгүйгээр тод итгэлтэй хэлж чаддаг, зоримог эрмэг, хурц зан нь миний багшид гай ч болсон, гавьяа ч болсон биз. “Шархдаж үзээгүй хүн бусдын сорвийг тоолдог” хэмээх мэргэн үг бий. Багшийн маань “сорвийг” олон хүн олон ч удаа тоолсон доо. Гэсэн ч хугаршгүй нугаршгүй, ялагдашгүй ясны галтай яруу найрагч янзаараа, Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жилийн ойд зориулсан “Болор цом” наадамд “Тусгаар тогтнол” шүлгээ уншсан тэр л цоглог бадрангуй дуу хоолойгоороо Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлм өрийн баатар, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж багш минь Монголын утга зохиол, Монголын уншигчид, үзэгчид, ард түмний сэтгэлд тэнгэрлэг хэвээрээ мөнхөрнө.

Ц.ТҮМЭНБАЯР (Д.Нацагдор жийн нэрэмжит шагналт зохиолч) 
Эх сурвалж: http://www.mongolnews.mn/i/33995 "Өнөөдөр" сонин 

No comments:

Post a Comment