/“Морин толгой” нөхрөө дурсахуй/
Суусрын гүйдэл
салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь
хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юү.
Сумын
наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран
жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу.
Миний нэг муу гэм
буй. Тэр нь юу гэвэл шал умаа хум согтохдоо энэ шүлгийг уншдаг, чингэхдээ бүр
зурагдсан пянз шиг уншдаг гэнэ. Миний архины найз нар намайг энэ шүлгийг уншаад
эхлэвэл “Нөгөө муу Аким чинь яваад өглөө, хөөрхийг гэрт нь аваачиж, авгайд нь
халуун чихийг нь атгуулахгүй бол болохоо байлаа” гэлцдэг гэнэ. Хамгийн сүүлд
Дорноговьд их Данзанравжаагийн сүм суваргын шав тавих ёслолд оролцоод буцахдаа
Одон-Гоо (Одончимэд)-ийнхоо машинд
нэг уншсан санагдана. Санагдах ч юу байх вэ, би юугаа санах вэ, Одонгоо маань л
маргааш нь хөхрөөд, “Чамайг эхлээд сонсоход овоо аятайхан байсан чинь сүүлдээ
бүр залхаад, арга ядахдаа замд сумын төвөөр орж, гуанзанд нэг аяга дахин
уулгавал харин машинд ороод овоо нам болж, чих минь амарсан” гэж хөхрөөд
байсан. Одон-гоо хүн явуулахдаа сайн л даа. Гэвч энэ нь үнэн гэж би харданам.
Эмч домч нар “Нанчид хүртэж болохгүй” гэж чандлан хорьсон атал саяхан дайрлага
дайраад нэг сэрвэл наадам болж байв. Би “Суусрын гүйдэл салхин” гэж амандаа
шивнэвэй. Үгүй нээрээ, тэр салхин согтуу боловч сохор ухаанд минь юу шивнэв ээ.
Хавар
намар цасан сархиагт
Харлаг
тахь шиг Эрээн уулын хөвүүн Дэндэвийн
Пүрэвдорж. Тэрбээр “Зөвхөн хондлойдоо бус, зүрхэн тольтдоо хөх толботой шүлэг
бичих ёстой” гэж надад нэг цэцэлсэн
нь бий.
Эрдүү өргөн цээжийг нь бодож
Энгэр юугий нь цээлхэн тавьлаа.
Эргэцээ морины эргээ бодож
Элбэг сайхан ташаа тавьлаа.
Уургын уртыг барина хэмээн
Унаган туурай нударга тавьлаа.
Уулын жавар орно хэмээн
Уужим сайхан зоо тавьлаа.
Үүнийг зүрхэн
тольтдоо хөх толбогүй шүлэг гэж хэн хэлэх билээ л. Үнэхээр, хорьдугаар зууны
жинхэнэ үндэсний үнэр ханхлуулсан цэцтэй яруу найрагч, хорин нэгдүгээр зууны
үнэний хуйхлаач аатай хүүрнэл зохиолч! Молхи би түүнийг ингэж л үнэлж чадах юм. Болхидуу л хэлж байна даа.
Пүрэвдорж гуай шиг цэцэлж чадахгүй болохоор одоо яая гэх вэ! Тийм ээ,
Чингис сумын зэвнээс гараагүй
Чингис нумын хөвчнөөс төрөөгүй
Чингис Өүлэн эхээс мэндэлсэн юм
Чингис өрлөг түүхээс төрсөн юм гэж тэр үед хэн аархаж чадсан юм!
Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл, соёлынхоо
Адбиш баян сан дээр
Эгнэтийн арга билиг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичиж байна гэж хэн бахархаж чадсан юм!
Үндэсний гэсэн
бүхнийг орвонгоор устгаж асан хатуугийн хатуу, бэрхийн бэрх тэр цагт шүү. Тийм
ээ, “Бичсэний гавъяа нь юусан билээ. Үүнээс болж үзэл суртлын мөрдөнд гучаад
жил суусан” гэж тэрбээр енгүүтэйхэн хийгээд уйтайхан дурссан нь бий.
Бод
л доо, тэр дайны талбарт
Борооны
дусал газарт уналгүй
Шивээлсэн
жадны үзүүрт бутарч
Шинелийн
хормойд хатаж байсан юм гэж аюумшигт дайныг хэн
дүрсэлж чадсан юм! гээд бичээд байвал
олныг нуршиж чадах.
Пүрэвдорж гуай
бид хоёр нэг удаа зохиолчдод яриа талбих юм болов. Очиж очиж намайг яагаад ч
урьсан юм бүү мэд. Түүн дээр Пүрэвдорж гуай “Өнөөдөр чи нэг сайхныг хараад
дурлавч маргааш илүү сайхныг хараад сэтгэл татагдахгүй байвал чи яруу найрагч
биш!” гэж хэлсэн нь сэтгэлд хадагджээ. Энэ нь түүний гоо
сайхны үзэл байсан байх аа. Гэвч би энд түүний шүлэг найргийг задлаж шинжлэх
гэж буюу яруу сайхны үзэлтийг нь гаргаж тавих гэж энэ хэдэн мөрийг тэрлээгүй.
Тэр агуу найрагчтай яалт ч үгүй дотносож нөхөрлөж явснаа л цухасхан дурдах гэж хэлхсэн бөлгөө.
Пүрэвдорж гуайн
гэргий Бээжинд элчингийн газраа суух болж, Пүрэвдорж гуай алсын моринд дөрөөлөх
ёслолоо Тэрэлжид цомхон хийж билээ. С.Эрдэнэ гуай, Л.Пүрэвдорж бид гурав л
зохиолч, орчуулагчдаас байв даа. “Морины шандас”-ын Зориглон нарын хүмүүс бас
үдэлцсэн. Ямаа, хонь боож, архи дарс сөгнөж өдөржингийн юм болсонсон. “Гоймон”
найз Пүрэвдорж бид хоёр ядуу, мөнгөгүйн дээр архи нүдний гэмийг хэлэх үү,
өөрөөс нь хоёр бөөрөнхий юм зээлж билээ. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь юмаар өөрийг
нь үдсэн гэх юм уу даа. Хөгтэй л юм болсон. Чингэхэд Эрдэнэ баавай халамцуухан
бахархахдаа “Пүрэвдоржийн хэдэн найраглал Монголын утгазохиолд найраглалын
сонгодог үлгэр болсон” гэж үнэлсэн нь толгойд үлджээ. Эрдэнэ баавай халамцуухан
л хэлсэн болохоос тэр нь яг үнээн! Тэгээд Пүрэвдорж
гуай маань Бээжингийн газраа одсон доо. Хойтон нь билүү дээ. Миний бие Монголын сэтгүүлчдийн тэр үеийн
ерөнхийлөгч Цэрэндоржийн хамт Токиод олон улсын сэтгүүлчдийн хуралд оролцсон
юм. Бээжингээр дайрч байгаа юм чинь Пүрэвдорж гуайтайгаа уулзалгүй яах вэ. Би
юу шалих вэ, очихдоо ганц бөөрөнхий юм л өвөртлөж очоо биз. Харин Токиогоос
буцаад Бээжинд иртэл мань хүн “хэрэг мандуулчихсан” сууж байвай. Пүрэвдорж гуай
яамныхаа аж ахуйн дарга хийж байв. Яруу найрагч аж ахуй эрхлэнэ гэхээр зарим
хүний санаанд багтахгүй байж мэдэш. Харин ч сайн аж ахуйч байсныг би гадарлана.
Элчингийн аж ахуйг өөд нь татсан гэж дипломатчид ам сайн байсныг нь ч мэднэ.
Гэвч энэ тухай бус. “Хэрэг мандуулсан” гэж би хэлсэн. Нээрээ л хэрэг мандсан
байсан. Пүрэвдорж гуай элчингийнхээ байшинг засуулжээ. Тэгтэл элчин сайдын
маань суудаг албан тасалгааны хананы шаврыг ховхлож байтал чагнадаг төхөөрөмж
гарчээ. Түүнийг уг байшинд манай улсын
элчин сайдын яам орох үед л тавьсан байж таарна. Хичнээн жил хятадууд манай
улсын нууцыг элчин сайдын тасалгаанд
болж байгаа яриагаар дамжуулан сонссоныг хэлж би мэдэхгүй. Лав л хорь, гучин
жил болсон байх. Хамгийн сонин нь түүнийг Монголын бараг номер нэг үндэсний
үзэлтэн илрүүлдэг нь. Энэ нь санамсаргүй тохиол л доо. Гэвч чухам Пүрэвдорж
гуай тэр тохиолд оногддог нь. Юманд учир жанцан гэж заавал бий! Хоёр улсын харилцаа энэ тэр гээд уг асуудал нэг их
шуугиан цуугиан бололгүй намдсан даа. Пүрэвдорж гуай намайг “Чи илүү хошуутай
шүү, хариад бөөн шуугиан битгий болгоод байгаарай” гэж зарлигдаж байсан
санагдана. Ямартай ч гадаадын сөрөх тагнуулын онгорхой чихийг бөглөсөн хүн бол
яахын аргагүй Пүрэвдорж гуай. Тэгэхэд би Пүрэвдорж гуайндаа хонож, арз шимэн
түүн лүгээ уран бүтээлийнх нь тухай, урлаг утгазохиолынх нь үзлийн тухай,
Дорнын саран дор дорнын яруу найрагчийн хувиар шүлэг туурвиж байгаа эсэх тухай
гээд юу эсийг ярихсан билээ. Чингэхэд Пүрэвдорж гуай “Чи дал гарсан хүнээр
дурлалын шүлэг бичүүлэх гээд байна уу” гэж загнаж байсансан. Пүрэвдорж гуай энэ
элдэв юм шалгааж яршиг болоод байна, үүнийг унагаж амрая гэсэн бололтой, нөгөө
арзаасаа ойр ойрхон хийж өгөөд би ч муу хүнд аяга бүү үзүүл гэдгээр дор дор нь
хөнтөрсөөр нэг мэдэхэд мөнөөхөн “суусрын гүйдэл салхин”-г уншихын хэмжээнд
очоод, суусан газраа ойчоод өгсөн байвай. Улаанбаатарт ирээд, дуу шингээгүүрт
бичсэн ярилцлагаа “Ил товчоон”-ы нөхөддөө сонсгож, яриа ямар цэгцтэй эхлээд,
цаашдаа миний хэл хэрхэн ээдэрч эхлэсэн хийгээд ер яаж муудаж байгааг бүгдээр
сонсон хөхрөлдөж асансан. Чингээд Бээжинд түүний бичсэн хэлмэгдүүллийн тухай
нэгэн найраглалыг нь ярилцлагынхаа хамт сониндоо нийтэлсэн билээ.
“Эсгий туургатны
Хотол чуулганыг” “гоймон” Пүрэвдорж санаачилж, “тугал” Эрдэнэ шүүрэн авч,
“морин толгой” Пүрэвдорж хийх мөнгийг нь олж, штаб нь “Ил товчоо” дээр төвлөж,
уг чуулганыг Хэрлэнгийн хөдөө аралд Пүрэвдорж гуайн Бээжин оддогийн зун
хийсэнсэн. Чингэхэд Өвөр Монголоос Эзэн богд Чингисийн тухай “Талын бүргэд”
роман бичсэн Сүхбат зохиолч уг наадамд оролцож, түүнд Хотол чуулганы анхны
шагналыг олгоход Пүрэвдорж гуай алтан гэрэгэ хийлгэж өгсөн билээ. Сайхан шүү!
Ийнхүү тоочоод
байвал олон юм байх. Гэвч...Пүрэвдорж гуай хүнийг шоглохдоо даанч нэг үг эрж,
өврөө суйлахгүй. Молхи би үзмэрч Дашцэрэнтэй “ромбо” гарагийнхантай уулзсан
тухай нь том ярилцлага хийж “Ил товчоо”-нд тавив. Үнэн худал, үнэн худал гэж
шуугиж байхад Пүрэвдорж гуай
Академи, Өнөрмаа яалаа.
Аким, Дашцэрэн яанаа гэж над шог гаргасан нь бий.
Пүрэвдорж гуай
маань миний “Тэнгэрийн нохой” номыг маань амлан авч, “Байгалийн аугаа их амин
шүтэлцээ хийгээд оршихуй, эс оршихуйн чавцралд зангирах эвдрэл, эвлэрэл,
өширхөл, өршөөлийн үзүүрийг эрэлхийлсэн эрэгцүүллээр энэ ном бүтжээ” хэмээн
өчүүхэн муу номд минь дэндүү ахадсан гүн ухааны тайлал бүхий уялга бичиж, “Аким
гүүш ухаарлын ном бичжээ” гэхчилэн молхи намайг тэнгэрт гаргасан болой. Түүнээс
хойш намайг “Цагаан чоно” гэж дуудах
болсонсон. Өрөөгөөр нь оролгүй удвал “Манай цагаан чоно яагаад
үзэгдэхгүй байна” гэж нөхдөөс маань үгүйлэн сурагладаг байсан гэдэг. Сураглаж
байгаагаар нь далим үсэргэж хар өглөөгүүр халамцуухан тавьж хүрсэн удаа хэд бий
байх аа. Пүрэвдорж гуай маань миний дотор “аргал чихээстэй” явааг үзэхдээ
заавал нэг бөөрөнхий юм гаргаж өгнө. Хажууд нь суудаг З.Ядмаа намайг орж очиход
бөөн баяр болно. Яагаад гэвэл надад гаргаж өгсөн нанчдаас мань хүн хүртэлцэнэ
биз дээ. Ядмаа надад нэг хэлэхдээ: “Манай морин толгой боос хэр баргийн хүний
шарыг тайлдаггүй юм даа. Чинийхийг л тайлаад байх юм” гэж билээ.
“Сод доо” гэж
миний бахархадаг Пүрэвдорж гуай маань “суусрын гүйдэл салхинд” хувилаад, сумын
бус улсын наадмаар согтуу ухаанд минь зөндөөнийг шивнэснээс товчлон хурааж
өгүүлбэл ийм буюу.
No comments:
Post a Comment