Монголын
ард түмний төрүүлсэн цэцэн билигт
хөвгүүн, яруу найргийн эрдэнийн гялалзсан
талст, жаран жарны сод авьяас, онгод
хийморь, цоглог бадрангуй дүр төрх,
үндэсний бахархлын дуу хоолой Монгол
Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран
зохиолч, Төрийн шагналт яруу найрагч
Дэндэвийн Пүрэвдорж 2009 оны гуравдугаар
сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас үнэн
билэгт уран бийрээ орхиж, хөх үндэсний
гал тэнгэрийн хутгийг оллоо.
Монголын
ард түмний зүрх сэтгэлийн дууч Д.Пүрэвдорж
1933 оны аравдугаар сарын 15-нд Өвөрхангай
аймгийн Бүрд сумын нутаг Эрээн уулын
Хажуу хондонд малчин айлын ууган хүү
болон мэндэлж нутагтаа бага, дунд
сургууль дүүргэж улмаар 1957 онд Улаанбаатар
хотын намын хорооны дэргэдэх
Марксизм-ленинизмийн оройн их сургууль,
1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит
Утга зохиолын дээд сургууль төгсч, эх
орны уран зохиолын эрдэнэсийн их санг
олон шилдэг бүтээлээр баяжуулсан юм.
Д.Пүрэвдорж
"Талын туяа", "Улаан оч",
"Жигүүрт цагаан гэр", "Нар тойрсон
зам", "Хээрийн цай", "Тэнгэрт
хайлсан тууль", "Бурхад ба хүмүүс",
"Сүүтэй дөрөө", "Хялар хатан",
"Чингисийн тахилга", Монголын уран
зохиолын дээжис цувралын 35, 36 дугаар
боть зэрэг яруу найргийн бүтээл
туурвиснаас "Хөх даалимбан тэрлэг",
"Сэгс цагаан богд", "Хар цас"
найраглал, "Тусгаар тогтнол"
"Чингис" шүлэг дэлхийн уран зохиолын
сан хөмрөгт мөнхөрсөн ширгэшгүй бүтээл
болсон юм.
"Алтан
намар", "Алтан шар зам", "Дөрвөн
цагийнтал", "Хаврын шөнийн бодол",
"Орчлонд би азтай төржээ", "Сайн
нөхрийн ерөөл", "Урьд шөнө чи зүүдлэв
үү" зэрэг олон олон бүтээл ардын дуу
мэт түгэн дэлгэрэхийн хувийг олж түмэн
олны дуулал болжээ.
Д.Пүрэвдорж
эх орныхоо дуурийн урлагийг хөгжүүлэхэд
авьяас билгийн хишгээ хайрлаж, "Шивээ
хиагт", "Нүцгэн ноён", "Хар
хорин" дуурийн цомнол бүтээж, "Тарчилсан
сүнс" "Улаан зүүд", "Нарны
жавар" гурамсан роман туурвиж, "Улаан
гэрийн хоригдол", "Бор гэрийн богд"
дурсамжийн ном хэвлүүлсэн, манай уран
зохиолын яндашгүй авьяас билигтэн
байлаа.
Тэрбээр
уран зохиолыг түгээн сурталчилж, ард
түмний хүртээл болгоход бүхий л авьяас
билиг, эрч хүч, ухаан бодлоо бие хайргүй
зориулж "Монголын нэг өдөр", "Уран
үгсийн чуулган"-ыг хамтран бүтээлцэж,
"Болор цом" яруу найргийн наадмын
галыг асааж тооныг өргөсөн нь Янжинлхам
бурхны мэлмий оршоосон оюун сэтгэлийн
гэгээн цэнгүүн болжээ.
Мөн
их уран зохиолын төлөөнөө тэрбээр сүүтэй
сэтгэлээ зориулж, 1970, 1980 онд "Яруу
найргийн тэнхим" үүсгэж, 2001 оноос
"Монгол уран зохиолын академи",
"Монголын нууц товчоо" уран зохиолын
дээд сургуулийн тулгыг тулж, өрнө дорнын
уран ухааныг нийтгэн оюун санаа, эх
хэлнийхээ тусгаар тогтнолын төлөө
цуцалтгүй хичээнгүйлэн зүтгэж байлаа.
Түүний
бүтээл, үйлсийг төр, засаг өндөр үнэлж
Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон, ардын хувьсгалын ойн
медалиудаар шагнаж, Монгол Улсын Төрийн
шагнал, "Ардын уран зохиолч" цол,
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол
хүртээсэн юм.
Дорно
дахины номт ёсны, цэц билгүүн туульч,
Монгол уран зохиолын гэрэлт сүмбэр
Дэндэвийн Пүрэвдоржийн яруу эгшиглэнт,
зохист найруулахуйн урлал, тэнгэрлэг
омголон уран бүтээл, гэгээн эрхэмсэг
дүр Монголын үе үеийн түүхэнд "тэнгэрт
нартай, газаря" галтай" оршино.
Н.Энхбаяр,
Д.Дэмбэрэл, С.Баяр, Д.Оюунхорол, Г.Батхүү,
Д.Лүндээжанцан, З.Энхболд, Д.Зоригт,
Б.Батбаяр, П.Алтангэрэл, Ё.Отгонбаяр,
П.Очирбат, Н.Багабанди, Д.Тогтохсүрэн,
И.Доржсүрэн, Б.Лхагвасүрэн, Ц.Тогоо,
Д.Сугар, С.Банзрагч, Ц.Энхбат
No comments:
Post a Comment